Дэлхий

Эхнэрээ төсвийн мөнгөөр цалинжуулсан Францын Ерөнхий сайд асан 5 жил хоригдоно

0

Ерөнхийлөгч Николя Саркозигийн үед, 2007-2012 онд Францын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Франсуа Фийон эхнэртээ зориулж хуурамч ажлын байр бий болгосон хэрэгт буруутгагдан таван жилийн /үүнээс гурван жил нь тэнсэн харгалзах я.л / х.орих я.лаар шийтгүүлжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, Парис хотын шүүх Фийоныг улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутайд тооцсон байна. Энэ хэрэгтэй холбоотой дуулиан 2017 онд дэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байсан Фийоны төлөвлөгөөг нураасан юм.

Хэргийг сөхвөл, Фийон 2000-аад онд Парламентын гишүүн байхдаа эхнэртээ туслахын ажлын байр хуурамчаар бий болгон, олон зуун мянган евро төлсөн гэх нийтлэл Canard Enchaine сонинд гарсны дараа 2017 оны дундуур Францын Прокурорын газар Фийоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ нийтлэл ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ид дундаа явж байхад гарсан бөгөөд барууны төвт “Бүгд найрамдахчууд” намаас нэр дэвшиж байсан Франсуа Фийон энэ сонгуулийн гол өрсөлдөгч байсан юм. Түүнчлэн Canard Enchaine сонин Фиойны хүүхдүүд болон Мари, Шарль нарт 80 мянган еврогийн төлбөр төлсөн баримтыг дэлгэсэн бөгөөд үүнийг мөрдөн байцаагчид шалгаж байв. Энэ нь хуульзүйн үйлчилгээний төлбөр байсан гэж Фийон мэдэгдсэн ч Фийоны охин, хүү хоёрын аль нь ч хуульч биш гэж хэвлэлүүд баталж байлаа.

Фийоны гэр бүлтэй холбоотой хөрөнгийн асуудал үүгээр дууссангүй. Түүний гэр бүлийн найз, тэрбумтан Ладре де Лашарьерийн мэдэлд байх Revue des Deux Mondes утга зохиолын сэтгүүлд ерөнхий сайд асан Фийоны гэргий Пенелоп Фийон ямар ажил эрхэлж байсныг хууль сахиулах байгууллагынхан шалгасан бөгөөд Пенелоп 2012 оны тавдугаар сараас 2013 оны 12 дугаар сарын хооронд сар бүр 3,5 мянган евро авч байжээ. Ийнхүү 2017 оноос хойш үргэлжилсэн хэрэг мөрдөлт дуусч, Францын Ерөнхий сайд асан Фийон болон түүний эхнэрийг шүүх хурал даваа гаригт болсон байна. Шүүгчид Фийоныг эхнэртээ хуурамчаар ажлын байр бий болгон, хийгээгүй ажлынх нь төлөө эхнэртээ 831 мянган евро төлсөн гэдгийг тогтоожээ. “Олгосон цалин хийсэн ажилтай нь нийцэхгүй байсан” хэмээн шүүх хурлыг даргалагч мэдэгдсэн байна. Харин Фийоны эхнэр Пенелоп улсын мөнгө шамшигдуулахад оролцсон, нуун дарагдуулсан хэргээр гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Түүнчлэн тэд тус бүр 375 мянган еврогийн торгууль төлөх бөгөөд тэдний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Г.Бямбасүрэн

Л.Энхжин: Амьдрахад Испани, аялахад Америк тохиромжтой санагдсан

Previous article

Супермаркетуудын биднээс мөнгө салгадаг нарийн аргууд

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.