Нүүр хуудас Лайфстайл Супермаркетуудын биднээс мөнгө салгадаг нарийн аргууд

Супермаркетуудын биднээс мөнгө салгадаг нарийн аргууд

Худалдаачин хүн үйлчлүүлэгчээс аль болох ахиу мөнгө салгахыг бодож байдаг юм хойно “Маркетингийн нарийн арга” гэдэг хэдийний зүйл. Жижигхэн гартай хүний зардаг өндөг их гүйлгээтэй гэсэн үг ч бий. Таны өдөр тутам орж үйлчлүүлдэг томоохон дэлгүүр таны халааснаас яаж ахиухан мөнгө салгадаг юм бол. Гэхдээ шударгаар шүү дээ. Гэтэл тэд таньд мэдэгдэхгүй маш олон аргаар танд бараа бүтээгдхүүнээсээ арай олныг өгч, халаасандахь мөнгөнөөс чинь цэвэрхээн аргаар ахиу мөнгө салгаж дөнгөдөг байна.

1. Ямагт хямдрал зарлаж, урин дууддаг

Томоохон сүлжээ дэлгүүрүүд байсхийгээд л бараа бүтээгдхүүнээ хямдрууллаа, ийм ч хөнгөлөлт гэж хямдралын улаан өнгөөр урин дууддаг. Хямдрал гэдэг үг, хямдралын улаан өнгө үйлчлүүлэгчийг татахаас аргагүй. Яг нарийндаа анхааралтай үзэх юм бол тун ялимгүй, хэд гуравхан төгрөгөөр хямдардаг, зарим нь бүр өмнө байсан үнээрээ ч байх нь бий. Гэхдээ л хүний сэтгэхүдй бол “Энэ чинь өмнөхөөсөө хямдарсан шүү дээ” гэдэг тун аятайхан сонсогддог.

2. Аль болох том түрдэг тэрэгтэй байдаг

Худалдан авагчийн түрдэг тэрэг анх 1938 онд бий болсон бол сүүлийн 40 жилд хэмжээ нь хоёр дахин томорчээ. Манай “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэгчлэн худалдан авагч бараг хоосон тэрэг түрээд явахыг хэзээ ч боддоггүй. Тэгээд л хэрэгтэй гэснээ аваад л байна. Тэгэхээр та дэлгүүрээр дөнгөж ороод л гарах гэж байгаа, эсвэл товлосон юмаа л авах гэж байгаа бол барьдаг багахан сагс сонго. Ингэвэл та мөнгөө хэмнэж, бас харихдаа багахан ачаатай явах болно.

3. Хүнсний ногоо, жимсийг голдуу орох хаалганы дэргэд байрлуулдаг

“Эхний харц” гэж нэг юм байна аа. Хүний хамгийн өргөн хэрэглээний зүйл, хэрэглэгчийг халаасандаа ахиухан мөнгөтэй байх үед хамгийн эхлээд таарахад хүн шууд л авна. Огт өөр газар байвал тэр хүртэл аар саар зүйл, эсвэл бүр шар айраг, хатаасан төмс гэх мэтэд мөнгөө үрчих ч юм бил үү.

4. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг бүр цаана байрлуулна

Ганц нэгээр нь боловч гарцаагүй авдаг бүтээгдхүүн бол сүү, сүүн бүтээгдхүүн. Энэ бараа хөргөгчид байдагтаа ч биш, дэлгүүрийн хамгийн мухарт байх нь ашигтай гэнэ. Үйлчлүүлэгч тийшээ очихын тулд наана нь өчнөөн олон төрлийн бараа бүтээгдхүүн өрсөн лангуу, тавиурын дэргэдүүр өнгөрдөгт л учир байгаа нь тэр.

5. Жимс, хүсний ногоог яг шинэ юм шиг харагдуулах

Олонхи сүлжээ дэлгүүрүүдэд хүнсний ногоо, жимс худал хэлсэн хүнд хүний нүүр харагдахаар гялалзаж байдаг. Дэлгүүрийнхэн нэг их ариун цэвэрч дээ ч биш, ердөө л хүнд шинэ юм шиг харагдуулж байгаа нь тэр. Хэн л лангуун дээр өчнөөн хоносон хуучин зүйл худалдан авч идэхийг хүсэх билээ дээ. Зарим дэлгүүр бүр ийм хүнсийг шинэ юм шиг харагдуулж, өнгийг нь сайжруулах тусгай бодис хэрэглэдэг. Үнэн хэрэгтээ тэр жимс, хүнсний ногоо чинь агуулахад хэд хоноод, лангуун дээр ирээд хэд хоносон л байгаа шүү дээ.

6. Өнгө өнгийн цэцэг таны анхаарлыг татахгүй гэж үү

Супермаркетад ороод очиход чинь л цэцэг алаглаад, сайхан үнэр таныг эзэмдээд авна гэдэг нэг л сайхан мэдрэмж төрүүлж худалдан авах сонирхлыг тань өдөөнө дөө. Энэ бол халаас руугаа гараа хийхэд хэдэн алхам ойртлоо л гэсэн үг. Хамгийн гол нь яг юу хайж орж ирлээ гэдгээ л сайн бодох хэрэгтэй.

7. Ходоодтой чинь ажиллана

Ихэнх дэлгүүрийн орох хаалганы ойролцоо чихэр, амттаны тасаг байдаг. Ажлаас тараад дэлгүүрээр дайрахад чинь л шинэхэн талх, нарийн боов, гоймсог чихрийн үнэр таны ходоодтой ажиллаж эхэлнэ гэсэн үг. Зарим дэлгүүрт бүр амталгааны жижигхэн лангуу ч байдаг. Ийм үед зүгээр л дэргэдүүр нь өнгөрнө гэж үү. Хоол холдчихсон яваа бол гадаах хаалгаар нь орохгүй байсан дээр дээ.

8. Үйлчлүүлэгчийн явах замыг нарийн төлөвлөдөг

Хүний хамгийн хэрэгцээтэй, өдөр тутам авдаг бараа бүтээгдхүүн рүү хүрэх замыг худалдаачид нарийн тооцоолдог. Талх, сүү, өндөг хүрэх замд нүдэнд өртөөд, үүнээс чинь ч авчихъя байз гэж бодохоор бараа бүтээгдхүүний лангуу байрлуулна. Ийм л болохоор дээр хэлсэнчлэн сүү сүүн бүтээгдхүүний лангууг хамгийн цад мухарт байлгадаг юм шүү дээ.

9. Хурдан яваад байгаа юм шиг атлаа удаан

Та тэрэг түрээд их л хурдан яваад байгаа юм шиг боловч супермаркет дотор нэг их хурдалж чадахгүй. Учир нь таныг аажуухан явж, юм юмыг үзэж байг хэмээн шал, тэрэгний дугуй хоёр нарийн зохилдлогоотой.

10. “Баруун-зүүн”-ий дүрэм

Дэлгүүрүүд олонхи нь баруун гарын гэж нэрлэдэг цагийн зүүний эсрэг хөдөлгөөний дүрмээр бараа бүтээгдхүүнээ өрдөг. Дэлгүүрт яваа үйлчлүүлэгч ихэнхдээ зүүн гар тал руугаа харж явна гэсэн үг. Энд нь юу голдуу байдаг гээч. Энд үнэтэй, жилээс дээш хугацаагаар ашигладаг бараа бүтээгдхүүн байна л даа.

11. Шинэ хуучин үнийг зэрэгцүүлэн тавих

Өнөөдөр аль ч дэлгүүрт ийм зэрэгцүүлсэн үнэ харж болно. Хуучин үнийг нь жижигхээн шрифтээр, хямдарсан шинэ үнийг нь томоор бичсэн байгаа биз дээ. Үнэндээ 0,99 гэдэг бол 1,0-ээс бага л даа. Ер нь хуучин ийм байгаад одоо ийм үнээр зарж байгаа юм гэхэд хүн тун амархан хууртагдаж, “Өө хямдарчихаж” гэж боддог. Магадгүй хямдарсан үнээр нь авлаа ч гэсэн танд хариулт ирэхгүй байхаар байгаа даа. Танд нэг төгрөг юм уу, магадгүй 10 төгрөгийг хэзээ ч хариулж өгөхгүй.

12. Хүүхэд бол худалдаачдын найдвартай түнш

Чихэр, амттаны тасаг дэлгүрийн орох хаалганы дэргэд байдгийн учир энэ. Тэгээд лангуун дээр ч гэсэн чамин тансаг баглаа боодолтой, хүүхдийн хамгийн дуртай зүйлийг тэдний хараанд өртөхөөр намхан байрлуулна. Хэн л дэлгүүр дотор хүүхдээ загнаж зандчаад, уйлаан майлаан болохыг бодох вэ дээ, авч өгч л таараа. Халаас нимгэнтэй яваа бол хүүхдээ гэртээ орхих нь дээр.

13. Хямд бараа хурдан гүйлгээтэй

Үнэтэй бараанууд дундаас дээгүүр, өөрөөр хэлбэл таны хараанаас арай дээгүүр байдгийг та анзаарсан уу. Энэ чинь эхлээд л таны нүдэнд өртөнө. Тэгээд л доошлоход арай хямдраад, тэгээд ч илүү өргөн хэрэглээний бараа харагдаад эхлэхээр түрүүхэн харсан өндөр үнэний дэргэд юу ч биш юм шиг сэтгэл төрж тайвшраад эхэлнэ. Ер нь дэлгүүрийн орлогын чинь дийлэнхийг чимхлүүр орлого оруулдаг юм шүү дээ.

14. “Хос бараа” санал болгоно

Оросууд “Архи авбал өргөст хэмх авдаг” гэдэг. Яг л энэ зарчмаар шар айраг авсан хүн шарсан төмс, загастай авна. Цамц авбал зангиа харах жишээтэй. Тэгэхээр энэ бүх бараанууд ойролцоо байх нь хүний нүдэнд заавал өртөж, нэг юм бодогдуулна.

15. Цагаан дээр тодоос тод

Мах загас зэргийг та дэлгүүрт хар бараан лангуун дээр байхыг харсан уу. Ийм бүтээгдхүүнийг голдуу цагаан өнгөний дэвсгэр дээр худалдаалдаг. Цагаан өнгө, гэрэлтүүлэг мах, загасыг шинэ юм шиг л харагдуулна.

16. Хоёрын үнээр гурвыг ав

Энэ бол ердөө л сэтгэхүйгээр тоглож, ёстой гэнэдүүлж байгаа нь тэр. Хоёр барааны үнээр гурвыг өгөөд ашиг олдог газар гэж байх уу даа. Үйлчлүүлэгчид бол үнэхээр супер юм шиг. Гэхдээ энд мөнгөө хурдан эргэлдүүлэх санаа байгаа юм шиг атлаа голдуу л хуурамч юм уу, хугацаа нь дууссан бүтээгдхүүн байдаг. Тэгээд ч та нэг шампунь авахад хэдий хугацаа болох билээ дээ, заавал хэд гурваар нь авах хэрэг байгаа юм уу.

17. Дулаахан тохилог, сэтгэл татам

Тэд ханаа сэтгэл татам дулаан өнгөөр буддаг нь таныг дэлгүүртээ арай л удаан байлгах гэсэн арга. Судлаачид цэнхэр, ногоон өнгийн ундаанаас улаан, шар өнгийн ундааг хүмүүс илүү худалдан авдгийг тогтоосон. Тэгэхээр дулаан өнгө хүнийг тайвшруулж, саатахад хүргэнэ. Та дэлгүүрээс гарах гэж яарахгүй байнаа гэдэг, хэд гурван төгрөгөө үлдээнэ л гэсэн үг.

18. Хөгжим сонсч сатаарах

Дэлгүүр дотор хөгжим эгшиглэх нь, тэгэх тэгэхдээ хит болоод байгаа сайхан дуу, хөгжим явж байвал хүний алхаа удааширч, түүнийг төгсгөчихөөд гаръя гэж бодно. Үгүй тэгээд зүгээр зогсоод л байлтай биш явна. Нүдэнд нь элдэв бараа, бүтээгдхүүүн өртөнө. За тэгээд л халас руугаа гараа явуулна шүү дээ.

19. Үүнээсээ нэгийг биччих

Кассын дэргэд бохь, гаа, ганц нэгээр нь өгдөг чихэр, хямд сэтгүүл байдгийг санаж байна уу. Хариултад чинь баахан задгай мөнгө гараад ирэхэд та тэсэлгүй “Тэр “Орбит” бохиноос нэгийг” гэдэг биз дээ. Худалдааны нарийн арга чинь л энэ. Харин та сардаа улиралдаа ийм жижиг зүйлд хэдий мөнгө зардгаа тооцож байсан уу.

20. Хямдралын карт таныг тэндээс уяна

Ихэнх сүлжээ дэлгүүрүүд хямдралын, байнгын үйлчлүүлэгчийн карттай байдаг нь таныг тэндээс уяж байна л гэсэн үг. Мөнгөөр тарчиг байхдаа цуглуулж үлдээсэн бонусаа нэг удаа хэрэглэчих ч зүгээр л дээ. Гэхдээ таны тэндээс авдаг бараа өөр бусад дэлгүүрт ямар үнэтэй байгааг та анзаардаг уу.

Эх сурвалж: assa.mn