Нүүр хуудас Дэлхий 200 саяд нэг тохиох 3 ихэр

200 саяд нэг тохиох 3 ихэр

Өнгөрсөн жилийн 5 дугаар сард Их Британид 31 настай Сиан, 26 настай Аарон нарын гэр бүлд 3 ихэр охин мэндэлжээ.Залуу хос охидоо бурхны “жинхэнэ бэлэг” гэж үзэж байна. Учир нь зохиомлоор үр шилжүүлэн суулгахгүйгээр нэг өндгөн эсийн гурван ихэр хүүхэд төрөх магадлал 200 саяд нэг л тохиодог юм. Охид хоорондоо ав адилхан болохоор эцэг эх нь хүүхдүүдээ ч ялгаж чаддаггүй гэнэ.

Охидод Жоржи, Бель, Оливия хэмээн нэрлэжээ. Өнгөрсөн нэг жилийнхээ тухай ээж Сиан нь ярихдаа “Мэдээж маш амаргүй байсан. Гэвч бид хором мөч бүрийн сайхныг мэдэрч байлаа. Бид хүүхдийн гурван суудал суурилуулахын тулд машинаа том Land Rover-оор сольсон” гэжээ.

Сиан, Аарон нар гурван ихэр охинтой болно гэдгээ эход үзүүлээд мэджээ. “Эхэндээ би нэг л хүүхэд гэж бодож байсан. Дараа нь эмч цохилж буй хоёр зүрхийг мэдэрч байна гэсэн. Тэгснээ дахиад нэг байна гэсэн. Үнэхээр гайхалтай. Шууд л гурван гайхамшиг. Эмч нар нэг эсийн гурван ихэр хүүхэд байгалийн жамаараа, өөрөөр хэлбэл тусгай дааваргүйгээр бий болох нь тун ховор үзэгдэл гэсэн. 200 саяд л нэг тохиолддог гэсэн” хэмээжээ.

“Яг үнэнийг хэлэхэд энэ мэдээ биднийг маш их цочирдуулсан. 15 долоо хоногтойд нь охид гэдгийг нь мэдсэн” хэмээн Сиан ярьжээ. Жирэмсний 32 долоо хоногтойд кесарево хагалгаа хийж, охидыг төрүүлж авчээ. Охид бага жинтэй байсан тул эрчимт эмчилгээнд шилжүүлж, хэд хоногийн турш уулзуулаагүй байна.

Харин хэд хоногийн дараа тэднийг оруулахад аав ээж нь охидоо ямар царайлаг болохыг харж, гайхжээ.

Сианы хувьд уй гашуу амсаад удаагүй байсан тул хүүхдүүдээ хараад маш их баяртай байсан гэнэ. Учир нь тэрбээр төрөхөөсөө нэг жилийн өмнө аавыгаа, өвөө, эмээ хоёроо алдаад байсан аж. Сианы ээж тэднийхтэй хөрш амьдардаг болохоор зээ нараа асрахад тусалдаг. “Аарон бид хоёр гар нийлээд л ажилладаг. Бид хоёр бүгдийг өөрсдөө хийх гэж хичээдэг. Гэвч заримдаа заль мэх хэрэглэхээс өөр аргагүй болдог. Охид маань хоорондоо маш адилхан, бид ялгадаггүй болохоор хөлийнх нь хумыг өөр өөр өнгөөр будаж, хэн нь хэн бэ гэдгийг ялгадаг” хэмээжээ.

“Охид маань ижил цагт унтаж, сэрдэг нь сайн хэрэг. Цаашид ч тэгэх болов уу гэж найдаж байна. Дээр нь ээж маань дэргэд амьдардаг нь ёстой аз байна” гэжээ.