Нүүр хуудас Дэлхий Монгол дахь Цагаан хэрмийн бүрэн бүтцийг анх удаа тогтоов

Монгол дахь Цагаан хэрмийн бүрэн бүтцийг анх удаа тогтоов

Дундад зууны долоон гайхамшгийн нэг гэж үздэг Цагаан хэрмийн Монголын нутаг дэвсгэрт орших, 737 км урт “Чингис хааны хана” нэртэй байгууламжийн бүтцийг эрдэмтэд анх удаа бүрэн дүрслэн гаргалаа.

Цагаан хэрмийн “Хойд шугам” хэмээн нэрлэгддэг нэг хэсэг нь голдуу Монголын нутаг дэвсгэрт байдаг ба зарим хэсэг нь Орос, Хятадын газар нутагт байдаг байна. Энэ хэсгийг 11-13-р зууны хооронд барьсан аж.

Эрдэмтэд дрон ашиглан хананы бүтцийг агаараас харан, хананы жижиг хэсгийг нарийвчлан судлах ажлыг гүйцэтгэжээ. Урьд өмнө нь Цагаан хэрмийн Монгол дахь хэсгийг Чингис хаан ба түүний хүчнээс хамгаалах зорилгоор барьсан гэж бодож байсан бол энэ удаагийн шинэ судалгаагаар үүнээс арай өөр өнцгийн дүгнэлт гарсан гэнэ.

“Ханын талаар хийсэн бидний дүн шинжилгээгээр уг байгууламж нь том армийн довтолгоо юм уу, суурин газрын нүүдэлчдийн дайралтаас хамгаалах зорилгоор баригдаагүй болох нь тогтоогдсон. Харин энэхүү бүтэц нь нүүдэлчид ба тэдний мал сүргийн хөдөлгөөнийг хянаж, удирдах үүрэгтэй байсан гэж үзэж байна” хэмээн судалгааны ахлах, Иерусалимын Еврей их сургуулийн Гидеон Шелач-Лави тайлбарлалаа. Түүнчлэн тэрээр “Бидний судалгааны дагуу эдгээр хананууд бүгд цэргийн бүтэц гэсэн таамаглалыг хаях хэрэгтэй” гэж нэмж хэлэв.

Археологичид “Хойд шугам”-ын үндсэн үүргийг тодорхойлохын тулд Йелийн их сургууль болон Монголын шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан байна. Тэд ханын дагуу хоорондоо тус тус 30 км-ийн зайтай баригдсан 72 жижиг байгууламжийг тогтоосон аж. Археологичдын гаргасан судалгаанд “Энэ нь ханыг нэг удаагийн, зохион байгуулалттай үйл ажиллагааны явцад барьж байгуулсан гэсэн үг юм. Магадгүй Кидан буюу Их Ляо улсын үед баригдсан байх” гэжээ. Зүүн Азийн Кидан улс нь манай эриний 907-1125 онд оршин тогтнож байсан бол Чингис хаан манай эриний 1162-1227 оны хооронд амьдарч байсан юм.

Эх сурвалж: Fox News