Нүүр хуудас Амьтны ертөнц Дэлхийн хамгийн үнэтэй азарга 500 тербум төгрөгний үнэтэй

Дэлхийн хамгийн үнэтэй азарга 500 тербум төгрөгний үнэтэй

Дэлхийн хамгийн үнэтэй уралдааны хүлэг 200 сая доллар буюу 500 гаран тербум төгрөгний үнэ хүржээ. Дөрвөн настай Френкел азарга 14 дэх удаагаа аваргалсны дараа ганцхан өдрийн дотор үнэ нь хоёр дахин өсчээ. Тэрээр хамгийн нэр хүнд бүхий 14 уралдаанд оролцохдоо бүгдэд нь түрүүлсэн аж.

Лондонгийнх ойролцоох дэлхийд хамгийн нэр хүндтэй Эскот дахь морин уралдаанд Френкел ээлжит ялалтаа авчээ. Тэр 2 сая доллар шагналд хүртсэн байна. Унаач Том Квелли энэ амжилт бол уг хүлгийн ач гавьяа хэмээн мэдэгджээ.

“Би эхлээд түүнд эргэлзэж байсан гээд бод доо! Уралдаанаас өмнө замыг нягталж үзэхэд Френкелд тохирохооргүй зөөлөн мэт санагдаж байсан. Гэвч энэ гайхалтай хүлэг маань юу чаддагаа харуулж, ялалтад нисэн хүрлээ” гэж унаач эр сэтгүүлчдэд ярьсан байна.

Френкелийн уяач, ноён Хенри Сесил: “Би энэ хүлэгт их хайртай. Гэхдээ хэрэг явдал ялалтдаа биш. Энэ бол үнэн гайхамшигтай амьтан. Хавдраа даван туулахад тэр надад тусалсан. Френкел бол хамгийн шилдэг нь. Байгаль эх хэзээ нэгэн цагт түүнийг даван гарахаар төгс төгөлдөр азарга бүтээнэ гэдэгт би эргэлздэг…” хэмээн өгүүлжээ.

Френкелийн эзэн бол Саудын хунтайж Халил Абдулла бөгөөд энэхүү гайхамшигт хүлгээ цаашид уралдуулахгүй, харин үйлдвэрлэгч маягаар ашиглах хүсэлтэй байгаа аж.