Нүүр хуудас Амьтны ертөнц Өөрийн амиар эзнийнхээ амийг аварсан баатарлаг нохойн түүх

Өөрийн амиар эзнийнхээ амийг аварсан баатарлаг нохойн түүх

Ноход бол хүний жинхэнэ анд нөхөд. Тэд биднийг хүнд хэцүү цаг хоромд хэзээ ч орхихгүй, тэр ч бүү хэл, хамгийн амттай ясаар ч биднийг солихгүй. Жинхэнэ чин сэтгэлийн хайр, үнэнч нөхөрлөл гэж юу байдгийг мэдэхийг хүсвэл та нар нохой тэжээж болох бөгөөд үүндээ хэзээ ч харамсахгүй. Ингээд сэтгэл уярам нэгэн түүхийг сонирхуулья.

Энэ бол Стив Мейсон. Тэр 16 жилийн турш миний үнэнч анд байсан бөгөөд амьдралдаа учирч байсан нохдоос хамгийн гайхалтай нь. Тэр сүүлчийн удаа миний амийг аврангаа өөрөө тэнгэрт халисан билээ.

Мейсон бол хаска, лабрадор, ротвейлер гэх янз бүрийн үүлдэр холилдсон эрлийз нохой байсан юм. Тэрээр цэцэг үнэрлэхийн тулд саатсан цорын ганц гөлөг байсан учраас би түүнийг анх сонгож байлаа. Тэр надтай хамт аялалд явах их дуртай. Өндөр уулсын оргилыг байлдан дагуулах үйлсэд маань намайг үргэлж зоригжуулдаг байлаа. Тэрээр элдэв картон цаас, саваа моддыг мэрж хэмлэх дуртай байв. Мейсон мөн манай ахын ч сайн найз байсан. Тэр өчнөөн жилийн дараа ахыг маань хараад яг л жаахан гөлөг шиг түүн рүү эрхлэн дүүлж байв.

Түүнийг таньж мэддэг бүх л хүмүүс үнэхээр гайхалтай нохой гэдгийг хүлээн зөвшөөрдөг байлаа. Сүүлийн хоёр жил тэр мэдэгдэхүйц хөгширсөн. Түүний хараа, сонсгол, мөн тэнцвэрт байдал алдагдсаар байв. Түүнийг нойрон дундаа, эсвэл аяллын азгүй тохиолдлын үеэр хэзээ нэгэн цагт намайг орхино гэдэгт би сэтгэл санааны бэлтгэлтэй байсан юм. Харин түүнийг үүрд нойрсуулахаас аргагүй байдалд ортол хэт хөгширч доройтох вий гэдгээс би хамгийн их айж байлаа. Үнэнийг хэлэхэд, түүнийг хэзээ ч өөрсдийн гараар нойрсуулах тухай огтхон ч төсөөлж чаддаггүй байв. Тэр бол бидний хувьд үнэхээр онцгой нэгэн байсан. Тэр амарч хэвтэхээс татгалзан, надтай хамт аялалд явахаа үргэлжлүүлсээр байв. Тэрээр удаан алхан, бас арай ойр зайд явж байсан хэдий ч хэзээ ч аяллаас татгалзаж байсангүй.

Түүний амьдралын төгсгөл тун ойртож байгааг би мэдрэн, энэ өвөл түүнд зориулан аль болохоор их адал явдал зохион байгуулан түүнийг баярлуулахыг хүсч байлаа. Гуравдугаар сарын 5-нд Мейсон болон хөршийн гурван залуу ноходтой хамтран богинохон аялалд явахаар шийдэв. Гэрээс нэг миль орчим зайд бид цастай жимээр явж байхдаа алсад нэгэн амьтан биднийг ажиглаж байгааг анзаарав. Чоно гэдгийг ч би ойлголоо. Сүүлийн 15 жилд би энэ хөндийд ганц ч чоно олж хараагүй байсан юм. Ямар нэгэн таагүй зүйл тохиолдохоос сэргийлэн бид гэр рүүгээ эргэв.

Хэдэн минутын дараа залуу ноход хуцалдахыг сонсоод эргэн хартал яг ард маань нөгөө чоно тулаад ирснийг харав. Тэр их биерхүү, өндрөөрөө миний ташаанд тулж ирэхээр байв. Тэрээр хулчгар, итгэлгүй атлаа ихэд өлссөн харагдлаа. Бидэнд гай учрах нь тэр. Тэр бидэн рүү дайрч, 20 минутын турш түүнтэй ана мана үзэлцлээ. Ноход түүн рүү дайрч байх үед би чоныг цанын таягаараа цохисоор байв. Уг чоно өлсөж ядраад сул дорой байсан ч маш сайн дайчин шинжтэй байлаа.

Бид Мейсонтой мөр зэрэгцэн тулалдаж байлаа. Ялагдахаа мэдэрсэн чоно гэнэт шийдэмгий ухасхийн хамгийн жижиг гөлгийг шүүрээд авав. Харин энэ хоромд миний атигар хөгшин нохой маань мундаг том чоно руу дайран гөлгийг салгаж чадсан боловч чоно Мейсоны хүзүүг тас хазаж амжих нь тэр. Бүх зүйл нүд ирмэхийн зуур болсон. Би амьдралдаа хэзээ ч тэгж чанга хашгирч үзээгүй байх. Би чаддагсан бол чонын хоолойг тас татаж хаямаар санагдаж байлаа. Гэвч үүнийг хийхийг оролдох л юм бол чоно намайг тасар татахыг мэдэж байв. Мөн би эндээс нөгөө гурван нохойг авч холдох ёстой. Ямар нэгэн зүйл хийхэд хэтэрхий оройтжээ. Мейсон маань аль хэдийн амь тавьж, чоно түүнийг идэж эхэллээ.

Энэ бол нөгөө чоно. Түүний зургийг маргааш өглөө нь хөрш хилийн станцын хамгаалагчид авсан байсан юм. Түүнийг үгүй хийн, Мейсоныхоо өшөөг авахыг ихэд хүсч байлаа. Гэвч бүх зүйл өнгөрсний дараа түүнд чиглэсэн хорсол ч алга болов. Тэр маш өлсгөлөн, өөрөө ч амьдрахын ирмэг дээр байсан болохоор яалт ч үгүй тийм алхам хийхэд хүрсэн биз ээ.

Би Мейсоныгоо маш их санаж байна. Түүнийг үгүй болсны дараа сэтгэл зүрх маань хоосрох шиг л болсон. Түүнд юугаар ч тусалж чадахгүйгээ мэдэж байсан хэрнээ аварч чадаагүй шүү дээ гэх бодол сэтгэлээс салахгүй байлаа. Түүний насны хэрийн ихэнх ноход хөгширч доройтсоор камин зуухны өмнө амь тавьдаг бол миний Мейсон харин намайг болон бусад 3 нохдоо авран, дуут аянга мэт цог жавхлантайгаар энэ орчлонгоос одсон билээ.

Анд минь, би чамдаа хайртай. Үүрд баяртай.