Нүүр хуудас Дэлхий Гал сөнөөгчдөд өглөөний цай өгсөн зөөгч бүсгүй гайхалтай хариу талархал хүртжээ

Гал сөнөөгчдөд өглөөний цай өгсөн зөөгч бүсгүй гайхалтай хариу талархал хүртжээ

Буян буцаж ирдэг гэдэг үнэн аж. Гал сөнөөгчдийн өглөөний цайг даасан зөөгч бүсгүй гайхалтай хариу талархлыг хүртжээ. Тим Янг, Пол Халлингс нар нь Нью-Жерси мужийн гал сөнөөх албанд ажилладаг. Нэгэн удаа шөнө дунд гарсан галыг унтраах гэж багийн хамт зургаан цаг ажиллаж унтраагаад өглөө нь ээлжээсээ маш их ядарч сульдан буухдаа зам зуурын нэгэн кафед орж кофе уухаар шийджээ.

Тэд хамгийн чанга кофег бас хамгийн том аяганд хийж өгөхийг хүссэнд зөөгч бүсгүй Лиз Вудворд авчирч өгчээ. Кофегоо уугаад тооцооны хуудсаа авах гэтэл хариуд нь ийм зурвас иржээ.

“Та хоёрын өглөөний цайны мөнгийг би даая. Та бүхний хйсэн зүйлд баярлалаа. Та нар бүгдийн зугтдаг тэр газар луу очдог. Та нар зоригтой бас хүчирхэг. Өдөр бүр ийм байдагт тань баярлалаа. Дүрэлзсэн гал зориг шаардсан үйлс тань бидэнд үлгэр дууриал болдог. Сайхан амраарай”

Болсон явдал хүнд ажлынхаа дараа ядарч туйлдсан гал сөнөөгчидөд маш их урам өгч баярлуулжээ. Тим Янг цахим хуудсандаа болсон явдлын тухай бичээд зурвасны зургийг “Энэ үнэхээр сайхан байлаа. Найз нараа тэр кафед очоорой. Хэрвээ Лиз гэдэг зөөгч үйлчилбэл цайны мөнгө ахиухан өгөөрэй” гэж нэмжээ. Энэ түүх цаашаа үргэлжилж гал сөнөөгчид Лизийг цус харвалтын улмаас тал бие нь мэдээгүй болсон эцгээ таван жил асарч байгааг нь олж мэджээ. Мөн тэргэнцэр авахаар мөнгө цуглуулж байгааг нь ч мэдсэн гэнэ.

Өөрт нь мөнгө маш их хэрэгтэй байсан ч шөнийн ээлжийн ажилдаа ядарсан гал сөнөөгчдийн өглөөний цайг даахаас татгалзаагүй зөөгчид тэд туслахаар шийдсэн байна. Сайхан сэтгэлт зөөгч бүсгүйн тухай бараг мужийн бүх гал сөнөөгчид мэддэг болсон тул тэргэнцэр авахад шаардлагатай 17 мянган долларын оронд бүр 70 мянган доллар цугларчээ.

Гал сөнөөгчид тэргэнцэр авч бэлэглээд үлдсэн мөнгийг нь аавынх нь эмчилгээний зардалд хандивласан байна.