Нүүр хуудас Лайфстайл Хүнд хэрэгтэй дөрвөн төрлийн найз: Та ийм найзаа бүү алдаарай

Хүнд хэрэгтэй дөрвөн төрлийн найз: Та ийм найзаа бүү алдаарай

Таны сонсохыг хүсэхгүй байгаа тэр зүйлийг чинь хэлдэг найз

Юмыг яг л байгаагаар нь хэлж орхидог найз танд бий юу? Заримдаа бодлогогүй ч юм шиг, байж боломгүй шулуухан ч юм шиг. Хэт эелдэг, тойруу харилцааны нийгэмд хүн үнэнийг сонсох шаардлагатай үед ийм л найзууд орой руу ортол хэлж өгдөг болохоор тэднийг бүү алдаарай. Харилцааны көүч нар ийм зан араншинг “эрс шулуун авир” гэж нэрлэдэг. Энэ төрлийн зан авиртай хүмүүс өөртөө хамаатай гэсэн хүнээсээ юу ч нуух хүсэлгүй байдаг бөгөөд аль болох шулуухан харилцахыг эрхэмлэдэг. Мэдээж шулуун шударга байна гэдэг нь бусдыг өвтгөх, гомдоох үгс хэлнэ гэсэн үг биш. Тиймээс жинхэнэ найз нөхөр бол чамайг бусдын өмнө доромжилж, ичээж буй хүн биш харин алдаагаа засахад туслаж, сонсохыг хүсэхгүй байгаа үгсийг зоригтой хэлж, нүдийг чинь нээж өгч байгаа хүн юм.

Хамтдаа инээлддэг найз

Аливаа зүйлийг хэтэрхий чухалчлан хүлээж авдаггүй, хөөр баярын төлөө л төрсөн мэт найз танд байдаг уу? Ямар нэг хурцадмал байдлыг маш хурдан зөөлрүүлчихдэг, хамт инээлдээд, стрессээ мартаад байж баймаар тийм найз. Инээд бол амьдралд маш чухал зүйл. Баяр баяслыг эрхэмлэдэг хүн урт хугацаандаа эрүүл, дархлаа сайтай, өөрийгөө яаж тайвшруулахаа мэддэг, аливаад сэтгэл ханамжтай, баялаг зан төлөвтэй байдаг. Ийм найз бол алдаж болшгүй эрдэнэ л гэсэн үг.

Өгсөх, уруудахын алинд ч хамт байдаг найз

Ямар ч үед хамт байж л байдаг найз. Хэдий шүүмжилж болох нөхцөл байсан ч шүүмжлэхийг яардаггүй, бас алга ташин дэмжээд байдаггүй, сайн муу аль ч үед зүгээр л хамт байж байдаг найз. Ихэнх хүмүүс бусдын сайн, мууг шүүх зуршилтай байдаг л даа. Чи үнэхээр мундаг шүү, чи ёстой бүтэхгүй ээ гээд л… Харин чамайг яаж ч унаж, яаж ч мандаж явсан нэгэн зангаараа л байдаг найз бий бол түүнийг битгий алдаарай.

“Тэгье” гэж хэлдэг найз

Ямар нэг санаа дэвшүүлэхэд улиг болсон шалтаг хэлэхийн оронд “тэгье л дээ” гэж урамтай нь аргагүй хэлдэг найз бий юу? Энэ бас л цөөн хүнд байдаг ховор чанар. Ийм хүмүүс байгалаасаа өөдрөг хүмүүс байх нь их. Нөгөөтэйгүүр энэ бол бусдын хэрэгцээг ойлгож, тэднийг өөрийн оронд тавьж үзэх чадвар сайтай хүний шинж. Ийм найзтай бол та өөрийгөө маш азтайд тооцоорой.

Найз бүхэн амьдралд өөр өөр өнгө нэмдэг. Таныг хурцалдаг, илүү сайн нэгэн болоход түлхдэг, өөрийнхөөрөө байхад тусалдаг, хамтдаа хөгжилдөж чаддаг энэ найзууддаа баярлалаа гэж хэлээрэй. Энэ бүхний эцэст та өөрөө эдгээр дөрвөн төрлийн аль нь болохоо, эсвэл ямархуу найз болохоо бодож үзээрэй. Нөхөрлөл бол дан бусдаас авах биш, мөн авсныхаа хэрээр өгөх явдал юм.