Нүүр хуудас Дэлхий Үйлдвэрийн эзэнд гээсэн түрүүвчийг нь буцааж өгөөд ажилтай, байртай болжээ

Үйлдвэрийн эзэнд гээсэн түрүүвчийг нь буцааж өгөөд ажилтай, байртай болжээ

Тайландын Бангкок хотын 45 настай тэнэмэл эр Воралопа шударга зангийнхаа хүчинд амьдралаа эрс өөрчилж чадсан тухай Metro.co.uk-д мэдээлжээ. Халаасандаа ердөө 9 бат буюу 25 цэнттэй тэрээр хотын алдартай Хермэс худалдааны төвийн дэргэдэх метроны орох хаалганы үүдэнд хэвтэж байгаад нэгэн залуу түрүүвчээ унагахыг харжээ.

Очиж аваад хартал эзэн нь олны дунд алга болжээ. Түрүүвчинд олон тооны зээлийн картнаас гадна 20 мянган бат буюу 600 орчим доллар байсан гэнэ. Тэнэмэл эр мөнгийг хараад өөртөө авахын оронд ойролцоох цагдаагийн хэсэгт очиж бүртгүүлэн түрүүвчийг өгсөн байна. Гээгдсэн түрүүвчийн эзэн нь Нити Понгкриангос гэдэг 30 настай үйлдвэрийн эзэн эр байжээ.

Тэрээр “Цагдаагаас ярьж хаясан түрүүвчийг маань олсон гэхэд итгэж ч чадаагүй. Мөн ямар хүн авчирч өгсөнийг нь мэдээд бүр гайхсан. Хэрвээ би түүний оронд байсан бол мөнгийг өөртөө авах байсан байх” гэжээ. Баян залуу тэнэмэл эр 2000 батын шагнал өгөхөд тэрээр татгалзжээ. Шударга занг нь биширсэн үйлдвэрийн эзэн Воралопаг ажилд авахаар шийдсэнээр тэнэмэл эрийн амьдрал агшин зуур өөрчлөгдсөн гэнэ.

Өдгөө тэрээр сарын 11 мянган бат буюу 320 орчим долларын цалинтай ажил хийж байна.

Мөн үйлдвэрийн захиргаа нь түүнийг орон байраар хангажээ.

Бүр хамт ажилладаг залуухан бүсгүйтэй дотноссон гэнэ.