Нүүр хуудас Зөвлөгөө Хосуудын муудалцдаг ялихгүй 8 шалтгаан

Хосуудын муудалцдаг ялихгүй 8 шалтгаан

Гэр бүлийн хэрүүл нь ахуйн шинжтэй жижиг сажиг зүйлсээс ч үүсч болно. Хамгийн гол нь үүнийг гэр бүлийн аз жаргалыг нураах чадалтай “үйлдэл” болгохоос зайлсхийх хэрэгтэй. Тиймээс эхнэр, нөхөр хоёрын дунд маргаан гарах шалтаг болдог ялихгүй зүйлсийг мэдэж, цаашид ялихгүй хэрүүлээс зайлсхийж сурах нь чухал юм.

Хэн цэвэрлэгээ хийх вэ?

Хуримын дараах анхны оройноос л хэн нь аяга тавгаа угааж, гэр орноо цэвэрлэх вэ гэсэн асуудалтай тулгардаг. Энэ асуудал алтан хурим хүртэл шийдэгдэлгүй явсаар нэг бус удаа хэрүүлийн шалтгаан болох нь олонтаа. Ихэнх хүүхнүүд анхнаасаа хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, өөрсдөө сайн дурын “үйлчлэгч” болсноор нөхрөө дасгачихдаг. Ингээд олон жил гэр орныхоо ажилд нөхрөө оролцуулаагүй байж гэнэт туслалцахыг шаардах нь том алдаа юм. Тиймээс хэн нь хэзээ гэрээ цэвэрлэж, хоолоо хийхээ анхнаасаа тохиролцож түүнийгээ дагах нь цаашид ямар нэг асуудал үүсэхээс зайлсхийх боломж олгодог.

Зуршил

Нөхөр нь өлөн элгэн дээрээ янжуур зуух, эхнэр нь бигудитэйгээ унтах гээд ахуйн шинжтэй таагүй зуршлууд олон байдаг. Гэхдээ хоол идсэнийхээ дараа хэхэрдэг нөхрийнх нь зуршил анхандаа нэг ёсны дүрсгүйтэл мэт санагддаг боловч олон жилийн дараа яваандаа эхнэрийнх нь дургүйцлийг хүргэж, засахыг шаардахаас өөр аргагүйд хүргэдэг. “Зуршил бол хүний хоёрдахь төрх” гэдэг ч үг бий. Тиймээс зуршлаа засахыг шаардахдаа муулж, гутаалгүйгээр энэ нь ямар учраас таалагдахгүй байгааг тайлбарлах хэрэгтэй.

Хүмүүжил

Хүүхдээ яаж хүмүүжүүлэх тал дээр эхнэр, нөхөр хоёр өөр өөрсдийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөн бие биенээ үгүйсгэсэн аргыг хэрэглэдэг. Гэтэл хүүхэд бүрт тохирдог сурган хүмүүжүүлэх универсаль арга гэж байдаггүй. Тиймээс энэ тал дээр эцэг, эхчүүд юуны өмнө хувийнхаа амбицаар бус харин хүүхдийнхээ онцлогийг удирдлага болговол илүү зохистой.

Мөнгө

Яаж ч ажилласан авч байгаа цалингийнхаа хэмжээний талаар эхнэртээ зэмлүүлж байгаагүй эр гэж бараг байдаггүй. Гэтэл эрчүүд эхнэрээ өөрөөс нь ахиухан цалинтай ажил хийхийг хэзээ ч шаарддаггүй. Тиймээс “ахиухан цалинтай ажилд орж чаддаггүй арчаагүй амьтан” гэж янших нь турах гэж байдгаараа хичээж байгаа эмэгтэйг “яасан бүдүүн юм бэ” гэж гоочлохтой адил юм.

Хадам

“Би чамтай суусан болохоос ээжтэй чинь суугаагүй” гэсэн ундуйцал маш түгээмэл байдаг. Хадмууд жинхэнэ утгаар аав, ээж болж чаддаггүй нь олонтаа. Тиймээс хосууд “муу хадам” гэж нэрлэхээсээ өмнө хайртай хүнийг тань өдий хүртэл нь өсгөсөн хүн гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Ор дэрний асуудал

Эр эмийн харилцааны асуудал нь эхнэр, нөхрийн хоорондын харьцааны салшгүй чухал хэсэг тул маргааны эх үүсвэр болох нь бий. Нөхөртөө уурласнаас болж эхнэр нь толгойн өвчнөөр шалтаглан ойртохоос татгалзах нь олон байдаг бол эхнэр нь үргэлж сэтгэл дундуур байгаагаас болж нөхрийнх нь хэвийн ажиллагаа алдагдаж улмаар ойртохоос татгалзахад хүргэдэг. Эр эмийн харьцаанд сэтгэл дундуур байгаагаас болж гэр бүлийн хүмүүс өөр зүйлээр нэг нэгнээ өөнтөглөх нь олонтаа. Тиймээс элдэв шүүмжлэлийг маш болгоомжтой байдлаар илэрхийлэх хэрэгтэй.

Хардалт

“Хардалт харьцааг холдуулдаг” гэдэг нь үнэхээр ортой үг. Итгэл, харилцан ойлголцол нь хэн нэгнийхээ халаас, цүнхийг далдуур шалгахтай хэзээ ч зэрэгцэх ёсгүй. Хэрээс хэтэрсэн их хардалтын цаана голдуу өөртөө итгэлгүй байдал нуугдаж байдаг. Өөрийнхөө санаа бодлыг гэр бүлийнхээ хүнтэй хуваалцах нь дэмий хардаж, өөрийгөө болон өрөөлийг зовоохоос хавьгүй илүү үр дүнтэй. Дэмий хардаж байснаас “цаанаа хэн нэгэнтэй болсон бол хэлээрэй” гэж шударгаар хэлж ч болно.

trendy.mn™