Нүүр хуудас Дэлхий Зуун зуунаар өвлөгдсөн эдлэн газраа бэлэглэсэн гэр бүл

Зуун зуунаар өвлөгдсөн эдлэн газраа бэлэглэсэн гэр бүл

Южин Лейсфилдийн гэр бүл дөрвөн үеэрээ эзэмшиж, амьдарч байсан Плешүрвиллийн эдлэн газраа орон нутгийн тусгай хамгаалалтын захиргаанд хандивлах шийд гаргажээ. Южин Лейсфилд 2011 онд тэтгэвэрт гарснаасаа хойш эдлэн газартаа суурин амьдрах болсон бөгөөд 2014 онд орон нутгийн тусгай хамгаалалтын захиргаанд хандивлах санаа төрж, судалж эхэлсэн байна.

“Энэ бол миний ухамсарласан үүрэг байсан юм. Магадгүй манай гэр бүл энэ газрыг хэдэн үеэрээ өвлөсөн байж болно. Гэлээ гээд энэ газар зөвхөн миний зүйл биш. Энэ бол байгаль дэлхийн өмч” гэж Южин Лейсфилд ярьжээ. АНУ-ын Кентаки мужийн байгалийн нөөц газрын захиргаанд эдлэн газраа бэлэглэхэд Кентаки мужийн удирдлага болон байгалийн нөөц газрын захиргаанаас тэдний гэр бүлд 14 га газрыг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн байна. Кентаки мужид сүүлийн 90 жилд эдлэн газраа бэлэглэсэн тохиолдол огт бүртгэгдээгүй аж. Южин Лейсфилдийн өндөр өвөг 1800-аад оны эхээр уг эдлэн газрыг гэр бүлийн эзэмшлийнх болгож нэр дээрээ бүртгүүлжээ. Өөрийн гeрээслэлдээ ч гэр бүлийн өмч байлгахыг үр хойчдоо захиж байсан аж.

“Үнэхээр итгэмээргүй үйл явдал боллоо. Ийм сэтгэлтэй хүн одоо цагт ховор. Одоогоос хоёр жилийн өмнө бидэнд хандаж, орон нутгийн тусгай хамгаалалттай газарт бэлэглэх тухайгаа хэлж байсан юм. Хууль эрх зүйн орчин нөхцөлийг нь судалж үзсэний үндсэн дээр бид Южин Лейсфилдийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авсан” гэж Кентаки мужийн Байгалийн нөөц газрын захиргааны дарга Зеб Вийс ярьжээ. Кентаки мужийн удирдлага, Байгалийн нөөц газрын захиргаа Южин Лейсфилдийн бэлэглэсэн газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж, олон нийтэд нээлттэй байлгахаар болжээ.