Нүүр хуудас Дэлхий Хааны тушаалаар үгүй болох гэж байсан ч баян болсон сиамын ихэр

Хааны тушаалаар үгүй болох гэж байсан ч баян болсон сиамын ихэр

Чанг болон Энг нар 1811 оны тавдугаар сард Сиамд төржээ. Энэ нь орчин үеийн Тайландын газар нутаг юм. Сүүлдээ Банкер гэх овогтой болсон тэд дэлхийд алдартай болсноор эд эрхтнээрээ нийлсэн төрсөн ихрүүдийг сиамын ихэр гэх болжээ.

Чанг, Энг хоёр салгаж болохын аргагүй цээжний эд эрхтнүүдээрээ нийлж төрсөнд Сиамын хаан ихэд шаналсан байна. Ийм хачин хүүхдүүд төрсөн гэх мэдээлэл дэлхий дахинд тархаж, улс орноо гай зовлонд унагахгүйн тулд хаан тэднийг нэн даруй үгүй хийх тушаал өгчээ. Гэвч ээж нь хүүхдүүдээ өгөхгүй гэснээр хааны тушаал ч биелэгдээгүй байна.

Цээжээрээ нийлсэн ихрүүдийг салгахад орчин үеийн анагаах ухааны чадвар ч хүрэхгүй аж. Учир нь тэдний зүрх нэг юм. Салгах мэс ажилбар хийлээ ч шууд үгүй болно гэсэн үг юм. Иймээс Чанг, Энг хоёр энгийн хүүхдүүдийн адил өсч том болжээ.

Өсвөр насанд нь тэднийг Британийн бизнесмен Роберт Хантер олж харж, цирктээ ажиллахыг санал болгосноор ихрүүдийн хувь тавилан огт өөр болсон байна. Тэдний нийлсэн бие болон урлагийн чадвар нь Хантерын анхаарлыг татсан ч хүмүүс түүнийг том эрсдэл хийж байна гэцгээжээ.

Гэхдээ Хантер шударга хүн байлаа. Ихрүүд Их Британи болон АНУ-д циркт тоглож, 21 нас хүрэхдээ Хантертай хамтран ажиллах гэрээнийх нь хугацаа ч дуусч, тэд баячууд болсон байв.

Чанг, Энг хоёр АНУ-д очиж, Банкер гэх овогтой болон алдарт Финеас Барнумын цирктэй гэрээ байгуулж, ферм худалдаж авчээ. 1843 онд тэдний хурим болж, Чанг, Энг нар эгч, дүү Аделаида, Саре Энн Эйтс хоёртой гэрлэсэн байна. Чанг 10 хүүхэдтэй болсон бол Энг 11 хүүхдийн аав болсон гэдэг.

Тэд 63-тай байжээ. Ах дүүс фермдээ гэр бүлийнхээ хамтаар аз жаргалтай амьдарч, 1874 онд Чанг уушгины үрэвслээр тэнгэрт хальж хэдэн цагийн дараа Энг үгүй болсон байна.