Нүүр хуудас Лайфстайл Нүүрний йог: Хамгийн овортой харагдуулдаг үрчлээнээс салах аргууд

Нүүрний йог: Хамгийн овортой харагдуулдаг үрчлээнээс салах аргууд

Киноны нүүр хувиргагчид дүрээ илт хөгшрүүлэхийн тулд хамгийн түрүүнд аль хэсэгт нь үрчлээ нэмж буддагийг мэдэх үү? Хамарны угалзын хоёр талд, доошоо чиглэлээр. Бусад хэсгээрээ хичнээн толигор байгаад, эндээ л үрчлээтэй бол 5-10 насаар хөгшин харагддаг. Гэхдээ бидэнд тайвшрах шалтгаан бий. Үүнээс сэргийлэх, үүсч эхлээд байгаа нимгэхэн зураасыг арилгах байгалийн арга бий.

Залуу байхад энэ үрчлээ биднийг инээх үед л тодорч, харин ч инээмсэглэлийг минь илүү халуун дулаан харагдуулдаг. Харин нас болон газрын татах хүчний нөлөөгөөр энэ үрчлээ бидний царайнд аажим аажмаар тогтож эхэлдэг. Нэгэнт үүссэн бол инээх тусам л үрчлээний харагдах байдал нэмэгдэнэ гэсэн үг. Толинд хараад дунд, долоовор хуруугаараа хацраа хоёр тийш нь үл ялиг татаад үз дээ. Чи хэдэн насаар залуужсан юм шиг санагдаж байна?

Алтан утас суулгах, гоо сайхны филлер ашиглах аргаар арилгаж болно л доо. Гэхдээ урьдчилан сэргийлэх арга байхад заавал өнгөрсөн хойно нь анхаарах хэрэг байхгүй шүү дээ. Нүүрний йог хийж, нүүрний тодорхой булчингуудыг хөгжүүлэх, цусны эргэлтүүдийг сайжруулах замаар арьсыг чангалж, хамгийн хөгшин харагдуулдаг үрчлээ амархан үүсэхээс сэргийлж болно.

1. Татаад цорвой

Хамарны хажуугийн үрчлээсний харагдах байдлыг багасгах шилдэг дасгал гэж хэлж болно. Хоёр гарынхаа долоовор, дунд хурууг амныхаа хоёр талд байрлуулаад чих рүүгээ дээш нь тат. Тэгэнгээ уруулаа цорвойлгож, нийлүүлэх гэж оролд. 10 тоолоод суллаж болно. Яг энэ дасгалаа 10 удаа давтаж хийгээрэй.

2. Том “О”

Уруулаа О хэлбэрт оруулаад, шүдээ хаа. Амныхаа хоёр өнцгийг дээш нь чиглэлд өргөнгөө инээмсэглэх гэж оролдоорой. Дараа нь чамархайныхаа доор гарынхаа доод хэсгээр 10-ын тоонд иллэг хийнэ. Энэ дасгалыг өдөрт нэг удаа хийгээрэй.

3. “Уруу татсан” инээмсэглэл

Гурван дунд хуруугаа хацар дээрээ тавиад доошоогоо чиглэлтэйгээр дар. Тэгэнгээ аль болох хүчтэйгээр инээмсэглэж хацраа өргөөрэй. Яг энэ үйлдлээ 10 удаа давт.

4. Үнсээд марш, баруун, зүүн…

Энэ дасгалын үед толгойгоо цэх, урагшаа байлгах нь чухал шүү. Толгойгоо хөдөлгөлгүйгээр зөвхөн уруулаараа баруун гар талынхаа хүнийг үнсэх гэж байгаа мэт цорвойлгоод баруун хацар луугаа шилжүүл. Дараа нь энэ үйлдлээ зүүн тал руугаа давтаж хий. Эрүүгээ ч бас хөдөлгөхгүй байхад анхаараарай. Тал бүртээ таван удаа энэ дасгалыг удаахнаар давтаж хий. Дараа нь хурдыг нь нэмэгдүүлж, тал бүрт 6 удаа хий.

5. “Нэг л үнэр байна даа”

Уруулаа сул тавь. Тэгээд ямар нэг таагүй үнэр үнэртсэн мэт хамраа үрчийлгэж дээш нь өргө. Энэ дасгалыг 10 удаа хийгээрэй.

6. Хэлний булчингаа ажиллуулъя

Хэлээрээ баруун, зүүн хацар, уруулныхаа дээд хэсгийг дотроос нь чадах чинээгээрээ түлхэх оролдлого хий. Нүүрээ угааж байхдаа ч энэ дасгалыг хийж болно. Энэ дасгалыг хийхэд мөнгө, их цаг завны аль нь ч орохгүй. Харин тасралтгүй хичээл зүтгэл л хэрэгтэй.