Нүүр хуудас Дэлхий Агуйд 40 хоног цаг, цахилгаангүй тусгаарлагджээ

Агуйд 40 хоног цаг, цахилгаангүй тусгаарлагджээ

Францын сайн дурынхан агуйд цахилгаан эрчим хүч, цаг болон нарны гэрэлгүй орчинд 40 хоног амьдарсан байна. Тусгаарлах үйл явц хүнд ямар нөлөө үзүүлэхийг судлах зорилготой уг туршилтын оролцогчид өнгөрөгч бямба гарагт агуйнаас гарчээ.

27-50 насны найман эрэгтэй, долоон эмэгтэй Францын баруун өмнөд хэсэгт орших Ломбрив агуйд амьдарчээ. Тэд майханд хонож, унадаг дугуйн генератор ашиглан өөрсдөө цахилгаан эрчим хүч гарган авч байв. Гадаад ертөнцөөс бүхэлдээ холбоогоо тасалсан байна. Тэд 45 метрийн гүн худгаас ус авч байлаа. Агуйд 12 градус дулаан, 95 хувийн чийгшилтэй байжээ.

“Deep Time” нэртэй уг туршилтыг зохион байгуулагчид агуй руу бууж, оролцогчдыг “гарч болно” гэж дуудаж гаргаснаар туршилт өндөрлөсөн байна.

Тэд газрын гадаргуу дээр гарч ирэхдээ нүдээ нарны туяанаас хамгаалах нарны шил зүүж гарчээ. Учир нь харанхуйд дассан тэдний нүдийг нарны хурц туяа гэмтээх магадлалтай гэж үзжээ. Тэднийг эрдэмтэд угтан авсан байна.

ЗАРИМ НЬ ХЭД ХОНОСНОО Ч МЭДЭЭГҮЙ БАЙНА

Уг төслийг зохион байгуулагч, Франц-Швейцарийн эрдэмтэн Кристиан Клот газар доор өнгөрүүлсэн 40 хоног нь энгийн үеийнхээс харьцангуй удаан өнгөрсөн талаар хэлжээ. Тэд нар мандаж жаргахыг харах боломжгүй, дээр нь цаггүй байсан учир хэд хоносноо ч мэдээгүй аж. Тиймээс унтаж сэрсэн тоогоор өдөр хоногоо тооцож байв.

Туршилтад оролцогсдын нэг нь 23 хоног болсон байх гэж боджээ. Мөн 33 настай Марина Лансон уг туршилт амьдралыг нь түр хугацаанд зогсоосон гэж үзэж байна. Тэрбээр энгийн амьдралдаа эргэн орохын тулд хэд хоног утсаа шалгахгүй гэв.

Эрдэмтэн Кристиан Клот “Цагийн баримжаагүйгээр нэг төсөл дээр хамтарч ажиллах хамгийн хэцүү нь байлаа” хэмээн хэлжээ. Математикийн багш Йохан Франсуа биеийн галбираа хадгалахын тулд 10 км-ийн зайд тойрон гүйж байв. Түүнд чухал ажил байхгүй тул нэг хоёр цагийн дараа юу болоход бус тухайн цаг үеэ мэдэрч байхад гол анхаарлаа төвлөрүүлжээ.

САЙН ДУРЫН ХӨЛ ХОРИО

Туршилтыг зохион байгуулагчид хүмүүс эрс тэс нөхцөлд хэрхэн дасан зохицдогийг судлах зорилготой байв. Тэднийг агуй руу орохоос өмнө тархины үйл ажиллагааных нь мэдээллийг цуглуулсан бөгөөд 40 хоног газар доор өнгөрүүлсний дараа ямар нэг өөрчлөлт орсон эсэхийг судлах юм байна.

Франц, Швейцарийн эрдэмтэд лабораторийн орчинд туршилтад оролцогсдын зан араншинг ажиглаж байжээ. Тэд биеийн дулаан хэмжиж, газрын гадаргуу руу мэдээлэл дамжуулдаг жижигхэн капсул бүхий мэдрэгчүүд залгисан байна.

Энэхүү судалгаа нь цар тахлын улмаас сая сая хүн хөл хорионд орсон энэ цаг үед хийж байгаагаараа онцлогтой аж.

Эх сурвалж: ВВС