Нүүр хуудас Дэлхий 100 настай ихэр эмээ урт насалж буй шалтгаанаа хуваалцжээ

100 настай ихэр эмээ урт насалж буй шалтгаанаа хуваалцжээ

АНУ-ын иргэд, 100 настэй ихэр эмэгтэйчүүд болох Элейн Фостер, Эвелин Лоу нар урт насалж буй шалтгаанаа бусадтай хуваалцжээ.

Тэд үр хүүхдийнхээ асаргаанд биш, Мэрилэнд мужид байдаг гэртээ зээтэйгээ гурвуулаа амьдардаг бөгөөд биес нь ч эрүүл чийрэг гэнэ. Элейн болон Эвелин хоёр энэ оны гуравдугаар сарын 31-нд 100 нас хүрсэн бөгөөд ихрийн нэг Элейн Фостер “Нас минь гурван оронтой тоо уруу орсон ч ямар ч ялгаа мэдрэхгүй, зүгээр л өмнөх шигээ хэвийн байна” хэмээжээ.

Тэд хоёулаа компьютер дээр тоглоом тоглох дуртай гэнэ. Лоугийн зээ Дарвелл Грин тэдэнтэй хамт амьдарч эм тариа, хоол хийх, хүнс авах зэргээр тусалдаг ч тэд олон зүйлийг бие даан хийдэг аж. Зээ охин, 27 настай Грин “Би эмээгээс “Өндөр настай ч ийм эрүүл байж, урт удаан амьдарч буй шалтгаан тань юу вэ” гэхэд тэр хэзээ ч ямар нэгэн зүйлийн талаар нарийвчлан хэлдэггүй, харин зөвхөн “Дарс уудаг” гэж хариулдаг юм” гэжээ.

Ихэр эмээ урт удаан насалж буйд нь юу нөлөөлснийг өөрсдөө тодорхой хэлж мэддэггүй гэнэ. Гэхдээ эцэст нь тэд урт насалж буй шалтгаанаа дарс, гахайн мах, өндөгний тогтмол хэрэглээ хэмээн таамаглажээ. Тэд хоёул олон жилийн өмнө тамхи татдаг байсан ч сүүлдээ тамхинаас гарчээ. Мөн хоёул бэлэвсэн эмэгтэйчүүд ба тэтгэвэрт гарахаасаа өмнө хоёулаа Засгийн газарт ажиллаж байжээ.

Фостер өглөө бүр гахайн мах, өндөг иддэг бөгөөд орой бүр дарс уудаг. Түүнээс улаан, цагаан дарсны алийг илүүд үздэг талаар асуухад “Өнгө нь тийм чухал биш, гашуун биш л байвал зүгээр” гэжээ. Фостер ихэвчлэн Сангрия уух дуртай гэнэ.

Урт наслалтыг судалдаг эрдэмтэд 100-аас дээш насалж буй хүмүүсийн ихэнх нь генийн төрөлхийн зөв хослолтой төрсөн байх магадлалтай байдгийг тодорхойлжээ. Энэ нь хөгшрөлтийг удаашруулж, насжилттай холбоотой өвчний эрсдлийг бууруулдаг байна.