Нүүр хуудас Дэлхий Америкт амьдардаг ази ээжүүд: Бид хүүхдүүдээ дагуулж явахаас АЙЖ БАЙНА

Америкт амьдардаг ази ээжүүд: Бид хүүхдүүдээ дагуулж явахаас АЙЖ БАЙНА

Саяхан Лос Анжелес хотын төвд ази гаралтай америк бүсгүй Кристианн Круз охидынхоо хамт зугаалах үеэрээ өөдөөс нь ирж явсан хүмүүсээс өөрийн эрхгүй зайлсхийн чиглэлээ өөрчилжээ. Тэдгээр хүмүүс магадгүй ээж, охидод ямар нэгэн х о р хөнөөл учруулахгүй байсан ч тэрээр айдсаасаа болж ийм үйлдэл гаргасан гэнэ. Энэ бол Америкт азиудыг арьс өнгөөр ялгаварлан, гадуурхсанаас үүдсэн нэгэн дүр зураг.

Тэрээр “Надад гадуур явахад маш аюултай санагдах болсон. Тэр дундаа хүүхдүүдээ дагуулж явахдаа айж байна. Надтай адилхан зовлонтой олон мянган хүн, ээжүүд байгаа байх. Айдсаа хүлээн зөвшөөрөхөд ч жаахан ичмээр санагдаж байна” гэжээ.

Ази гаралтай хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтын гэмт хэрэг 2020 онд 150 хувиар өссөн байна. Цар тахлын үеэр азиудыг гадуурхсан г э м т х э р г и й н нэг жилийн хугацаанд дунджаар 3800 орчим бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын 68 хувьд нь эмэгтэйчүүд хохирогч болжээ.

Гурван нас ч хүрээгүй бяцхан охидоо өсгөхийн тулд өмнөхөөсөө хэд дахин илүү хариуцлага үүрч, өндөр сонор сэрэмжтэй байх шаардлагатай тулгарснаа мэдэрч байна гэжээ. Круз нэмж хэлэхдээ “Хэрэв мэдлэгтэй, өрөвдөх сэтгэлтэй, чөлөөтэй харилцдаг хүмүүжилтэй өссөн бол хэн ч биднийг гадуурхахгүй. Тиймээс одооноос үр хүүхдэдээ зааж сургавал охид минь миний мэдэрч буй айдсаар амьдралаа эхлүүлэхгүй гэж найдаж байна” гэжээ.

Ази гаралтай америкийн олон ээжийн хувьд хүүхдээ дагуулаад хүнсний дэлгүүр эсвэл тоглоомын талбай руу явах нь эрсдэлтэй болоод байгаа аж. Филиппин гаралтай ээж Ж.Делос Сантос “Нөхөр маань ази төрхтэй биш болохоор заримдаа хүүхэд минь надтай биш аавтайгаа явбал илүү аюулгүй гэж боддог” хэмээжээ. Канзаст амьдардаг ээж Жоллин Куо Хастингс маск зүүсэн хоёр хүүгээ дагуулан явахдаа өөрсдийг нь чичлэн зааж, хоорондоо шивнэлдэж буй хосыг анзаарснаа ярьжээ.

Куо Хастингс хэлэхдээ “Дунд насны цагаан арьст хос бидэнтэй зөрөхдөө маш муухай харж байсныг анзаарсан. Зөрөхдөө ч алхаа нь хурдсаж бидний хажуугаар өнгөрөхөөс зайлсхийхийж байгаа нь илт харагдаж байв” гэжээ. Куо Хастингс хөвгүүдтэйгээ олон нийтийн газар гарахаас айдаг болсноо ярьжээ. Гэсэн ч тэрээр цар тахал эхэлснээс хойш ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэгээ дээшлүүлж хөвгүүддээ ч энэ талаарх ойлголтыг өгч байгаа гэнэ. Тэрээр “Би тэдэнд өв соёл, түүхийнхээ талаар заах үүрэгтэй эх хүн. Тиймээс тэд өөрсдийгөө бахархалтайгаар хүлээн авч, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхаж байгааг ойлгож, нийгмийн шударга ёсны төлөө зогсохыг зааж сургадаг. Би хөвгүүдээ өөрсдөөрөө бахархаасай гэж хүсдэг. Тэднийг хоёр хэлтэй өсөж, уламжлалт бүх баярыг тэмдэглэн, Хятадын соёлыг нууж бус ил байлгах хандлагатай хүн болгохын тулд бүхий л талаар хичээж ирсэн” гэжээ.

Ази гаралтай Америк ээжүүд хүүхэдтэйгээ өртөх магадлалтай ялгараварлан гадуурхалт, түүнээс үүдэх сэтгэлийн дарамт, үүсэж болзошгүй гэмт хэргийн талаарх чин сэтгэлийн яриа цахим ертөнцөд өрнөж байна.

Эх сурвалж: Today