Нүүр хуудас Дэлхий Гэрээсээ төөрсөн гурван настай австрали хүүг дөрөв хоногийн дараа олжээ

Гэрээсээ төөрсөн гурван настай австрали хүүг дөрөв хоногийн дараа олжээ

Гэрээсээ төөрсөн гурван настай австрали хүүг Шинэ Өмнөд Уэльс мужийн бут сөөгнөөс дөрөв хоногийн дараа эсэн мэнд олжээ. Даваа гарагт аврагчид цагдаагийн нисдэг тэрэгнээс Энтони ЭйЖэй Элфалак хүүг горхиноос ус ууж байхад нь олж харсан байна.

Хүү аутизмтай, ярьж чаддаггүй бөгөөд хамгийн сүүлд баасан гарагт гэртээ ах нартайгаа тоглож байсан аж. Гэрийнхэн нь түүнийг хэн нэгэн хулгайлсан байж магадгүй гэж бодсон байна. Гэвч аврагчид хүүг түүний гэрээс 500 метрийн зайд мужийн хойд хэсэгт орших бут сөөгнөөс олсон байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн албаны Твиттерт тавьсан бичлэгээс аврагчдын “Би хүүг оллоо” гэж хэлж байгаа нь сонсогдох аж.

Хүү нойтон хувцастай, хөлөө урсан байснаас бусдаар эсэн мэнд байсан гэнэ. Хүүгээ олсон даруйд гэр бүлийнхэн нь маш их баярлаж, аврагчдад баярлаж талархсанаа илэрхийлж буйг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан байна.

Аврагчид болон сайн дурынхнаас бүрдсэн 100 гаруй хүн эрлийн ажиллагаанд оролцжээ. Хүүгийн аав Элфалак “хүү маань шоргоолжинд хазуулж, унаж бэртсэн л болохоос эрүүл саруул байсан” гэв. Ерөнхий сайд Скотт Моррисон Твиттертээ “ЭйЖэй хүү болон гэр бүлийнхэнд нь ямар аймшигтай байсан бол гэдгийг төсөөлж ч чадахгүй байна” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: ВВС