Нүүр хуудас Дэлхий 38,000 шанаган хорхой тэжээдэг охин ТикТок-т од болжээ

38,000 шанаган хорхой тэжээдэг охин ТикТок-т од болжээ

“ТикТокын шанаган хорхойн инфлүэнсэр” хэмээх шинэхэн трендийг бий болгоод байгаа Ханна МакСорли өөрийн хэдэн арван мянган шанаган хорхойныхоо бичлэгийг өдөр бүр цахим сүлжээнд тавьж, 560 мянга гаруй дагагчтай болоод байна.

17 настай Ханна “Би энэ бүхэнд үнэхээр их гайхаж байна. Эд бол зүгээр л энгийн шанаган хорхой, мэлхийнүүд. Гэвч хүмүүст их сонирхолтой санагддаг” гэв.

Цар тахлын улмаас хөл хорио тогтоож, шалгалтууд нь хойшилсон учир Ханна гэр бүлийнхээ хамт Хойд Ирландын Ома хотын ойролцоох хөдөө газар дахь гэртээ сайн дурын тусгаарлалтад ороод байжээ. Удалгүй тэрээр гэрийнхээ ойролцоох гүехэн шалбаагт ширгэж үхэх аюулд орсон мэлхийн түрснүүдийг олсон байна. Ингээд тэр есөн настай дүүд нь сонирхолтой боловсрол болж магадгүй гэж бодоод, тэднийг шилэнд хийн, гэртээ авчиржээ.

Долоо хоногийн дараа Ханна өөр нэг хэсэг түрс гэртээ авчран, хоёр шилтэй болж байсан бол одоо ургамал, чулуугаар дүүрсэн жижиг усан сан ашиглаж байна. Тэрээр нийт 37,928 шанаган хорхойтой болсон гэж үзэж байгаа ч энэ бол таамаглал төдий юм.

72 хоногийн дотор түүний гурван шанаган хорхой үхсэн бөгөөд Ханна охин “Харамсалтай нь энэ бол байгалийн хууль. Гэхдээ би тэднийг үргэлж санаж явах болно, би тэдэнд зориулж оршуулга ч хийдэг” гэлээ. Фред хэмээн нэрлэсэн нэг шанаган хорхойг оршуулж байгаа түүний бичлэгийг 1.8 сая гаруй хүн үзжээ.

Ханна МакСорли малын эмч болох сонирхолтой бөгөөд ирэх оны эхээр мэлхийний улирал эхлэхтэй зэрэгцэн YouTube дээр боловсролын суваг нээхээр төлөвлөж байна. Одоогоор тэрээр АНУ-ын инфлүэнсэрийн агентлаг, “Маркерли”-тэй гэрээ байгуулаад байгаа ба контентынхоо цар хүрээг улам тэлэхээр зорьж байна.

Түүнчлэн түүний шанаган хорхойнууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөлтэй болж байгаа бөгөөд хоёр, гурван долоо хоногийн дараа тэрээр усан сан дүүрэн мэлхийтэй болох юм. Гэвч Ханна охин аль хэдийнэ төлөвлөгөөгөө зохиогоод байгаа гэнэ. Тэрээр мэлхийнүүдийг гэрээсээ гурван км-ийн зайд байрлах горхи, цөөрмүүдэд хэсэг бүлгээр нь аваачин, суурьшуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: The Guardian