Нүүр хуудас Ангилалгүй Ч. Ганжавхлан: 5000 төгрөгний минь хариуд чи дэндүү үнэтэй цаг хугацааг надад...

Ч. Ганжавхлан: 5000 төгрөгний минь хариуд чи дэндүү үнэтэй цаг хугацааг надад бэлэглэлээ

“Би Улаанбаатар хотод нэг буйдхан кофе шоп ажиллуулдаг юм. Хаяа нэг тэндээ ажиллана, хүмүүстэй уулзана, кофегоо аягалж зарна, хичнээн бизнес ч гэлээ хүн бүрийг дайлж буй мэт сэтгэгдэл төрдөг болохоор их урамтай аз жаргалтай ажил.

Өнөөдөр амралтын өдрийн орой кофешоптоо сууж байтал нэг бяцхан охин ээжтэйгээ орж ирлээ. Охинд их л таалагдаж байгаа бололтой тэрүүгээр нэг дуу шүлэг уншаад л хөөрхөн хөөрхөн юм яриад л … Тэгснээ ганцаараа нэг буланд суугаад ийм уран бүтээл туурвив “Зургийг нь авчих уу” гэтэл яг дондогмаатай орос хүүхэлдэй шиг дээрээ дээрээсээ давхарласан 6 ширхэг аяга бүгд нэг нэг дүрд хувилан ингэж дэлгэгдэв.

Тэгээд манай найз ингэж зургаа даруулсан юм. Тэгснээ гарахынхаа алдад энэ аягаа худалдах хүсэлтэй байгаагаа тэрүүгээр нэг зарлав. Би түрийвчээ дэлгэн 1000 төгрөг чимхэж авснаа хажуу талд нь байсан 5000-тын дэвсгэртийг түүнд өгөв “За би чиний хийсэн аягануудыг худалдаж авахаар шийдлээ” гээд мөнгөө өгтөл бяцхан охины нүүрэнд мишээл тодорж ээжээсээ бага зэрэг имээн бас ичингүйрсэн царай гаргав. Миний бага насанд би цаасан аяган дээр хүн зураад ийм цалин авсан бол тэр л шөнөдөө унтахгүй шахам нойргүй хонож маргааш нь диско бичен, 100-н ундаа, цөцгийтэй зайрмаг эсвэл 1 цаг сега тоглох гэх мэт маш олон сонголтын дунд тарчилсан “Хүнд шөнө”-г өнгөрөөх байлаа. Одооны хүүхдүүдэд 5000 төгрөг чухам ямар зэргийн мөнгө болохыг хэлж мэдэхгүй тул тэгээд л баярлаад өнгөрөв.

 

Дөнгөж саяхан ээж нь над руу мессеж бичлээ. Охин гэртээ харих замын турш их л бодолд автаж чимээгүй явсан гэнэ. Тэгснээ ээждээ “Би дахиж ажил хийж мөнгө олоод тэгээд өдөр өнжүүлэхийнхээ төлбөрийг өөрөө хийнэ” гэж их нухацтай хэлсэн гэв. Ингээд л миний өдөр ерөөсөө болчихлоо ! Ямар ч олон асуудал стрессээр дүүрэн өдөр байсан би зүгээр л дэндүү аз жаргалтай болж орхив. Би 5000 төгрөг байтугай 50,000 төгрөг төлөөд ч ийм сайхан сэтгэлийн хөдлөл, урам, дурсамж болоод аз жаргалыг мэдэрч чадахгүй билээ. Хүн уул нь ийм л жижигхэн, ийм л энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрдэг, аз жаргал гэдэг зүйл өөрөө хэзээ ч тийм хол байдаггүй шүү дээ.

Бяцхан инээмсэглэл, тэнгэрийн дагина, гүнжхэн мниь баярлалаа чамд, санаандгүй өгсөн 5000 төгрөгний минь хариуд чи дэндүү үнэтэй цаг хугацааг надад бэлэглэлээ. Тийм ээ, тэр өдөр өнжүүлэхийн төлбөр байтугай зүйлийг бүтээх хязгааргүй их хүч чиний бяцхан зүрхэнд бий.”