Нүүр хуудас Дэлхий Танзанийн уурхайчин ганц шөнийн дотор саятан болжээ

Танзанийн уурхайчин ганц шөнийн дотор саятан болжээ

Зүүн Африкийн Танзани улсад хувиараа олборлолт хийдэг уурхайчин ганц шөнийн дотор саятан болжээ. Саниниу Лэйзер гэгч уурхайчин нийт 15 кг жинтэй хоёр ширхэг үнэт чулуу олборлосноор хэдхэн цагийн дотор амьдралаа өөрчилсөн байна.

Урьд өмнө тус улсаас танзанит нэртэй үнэт чулуу ийм том хэмжээтэйгээр олдож байгаагүй ажээ. Уурхайчин өөрийн олсон чулуугаа 3,4 сая ам.доллараар худалдсан байна. Лэйзер 30 гаруй хүүхдийн эцэг бөгөөд саятнуудын жагсаалтад орсон тул баярын үдэшлэг зохион байгуулахаа хэлжээ.

Танзанит чулуу нь солирын хөх, ягаан өнгөөр солонгорсон үнэт эрдэнэ бөгөөд гоёл чимэглэл хийхэд ашигладаг байна. Манай дэлхий дээрх хамгийн ховор үнэт чулууны нэг төрөл бөгөөд геологичид ирэх 20 жилийн хугацаанд нөөц нь барагдах эрсдэлтэй гэж үздэг тул илүү өндөр үнэд хүрдэг ажээ.

52 настай уурхайчин 9,2 кг болон 5,8 кг-ын жинтэй үнэт чулууг өнгөрсөн долоо хоногт олборлож, лхагва гарагт Маньяра мужийн худалдааны арга хэмжээн дээр борлуулсан байна. Одоогоор олдсон хамгийн том хэмжээтэй танзанит чулуу 3,3 кг байдаг ажээ.

Тус улсын Ерөнхийлөгч Жон Магуфули азтай уурхайчинд баяр хүргэн утсаар ярьсан байна. Лэйзер дөрвөн эхнэртэй бөгөөд саятан болсон баяраа тэмдэглэн 2,000 үхрийнхээ нэгийг нядлахаа ярьжээ. Мөн Маньяра мужийн Симанжиро дүүрэгт хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна. Энд гэрийнхээ ойролцоо худалдааны төв, сургууль нээж ядуу буурай иргэдэд хүүхдүүдээ сургуульд явуулах боломж олгоно гэжээ.

Тэрээр өндөр боловсрол эзэмшиж чадаагүй ч хүүхдүүдээ мэргэжлийн бизнес эрхлэгчид болоосой хэмээн хүсдэг ажээ.

Эх сурвалж: ВВС