Нүүр хуудас Дэлхий Дагзаараа нийлсэн ихэр охидыг амжилттай салгав

Дагзаараа нийлсэн ихэр охидыг амжилттай салгав

Израйльд ар дагзаараа нийлж төрсөн нэг ойтой ихэр охидыг салгах хагалгаа амжилттай болжээ. Охидын тархийг амжилттай салгаснаар төрсөн цагаасаа хойш анх удаа нэгнийхээ царайг харсан байна.

Бершеба хотын Сорока анагаах ухааны төвийн эмч нар олон сарын турш хагалгаанд бэлдсэний эцэст 12 цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай болжээ. Охид ар дагзаараа нийлсэн байсан учир тэднийг салгасны дараа толгойд нь шинэ хуйх залгасан байна. Охидын биеийн байдал сайн байгаа гэж мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон хагалгаанаас хойш охидын амьсгал хэвийн, хоолоо сайн идэж байна. Яг ийм төрлийн хагалгаа дэлхий дээр ердөө 20 удаа хийгдсэн байдаг бөгөөд Израйль улсад анх удаа амжилттай болжээ.

Хагалгааны өмнө ихрийн толгойд хийлдэг силикон уут углаж, арьсыг нь бага багаар тэлсэн байна. Мөн тэдний тархины бүтцийг 3D виртуал хэлбэрээр ажиглаж, бэлджээ.

Эх сурвалж: ВВС