Нүүр хуудас Дэлхий Нялх хүүхдүүдийн биеэс их хэмжээний хуванцар илрүүлжээ

Нялх хүүхдүүдийн биеэс их хэмжээний хуванцар илрүүлжээ

Нялх хүүхдийн биед төсөөлснөөс харьцангуй их хэмжээний хуванцар агуулагдаж байдаг талаар Environmental Science & Technology Letters сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайлан харуулж байна. Тус нийтлэлд насанд хүрэгчдийн биед агуулагддагаас 15 дахин их хуванцар хүүхдийн бие махбодид байдаг байна.

Тэдгээр нь 5 мм-ээс бага хэмжээтэй нарийн жижиг ширхэгтэй бичил хуванцрууд бөгөөд хуванцар тоглоом болон бусад эд зүйлсээс эмтрээд хүүхдийн бие рүү ордог аж. Бичил хуванцар нь гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын бодис, угаалгын нунтаг болон эмийн гаднах капсулд ч агуулагдаж байх боломжтой аж.

ХҮН БҮРИЙН БИЕД БИЧИЛ ХУВАНЦАР БИЙ

Судалгааны багийнхан АНУ-ын Нью-Йорк мужийн оршин суугчдын ялгадсанд шинжилгээ хийж полиэтилентерефталат болон поликарбонат гэх хоёр төрлийн бичил хуванцар илрүүлсэн байна. Бүх хүний ялгадсанд хуванцар илэрсэн ч хүүхдүүдэд насанд хүрэгчдийнхээс 10 дахин их байжээ.

Хүүхдүүдийг тоглоомоо мэрж, соск хөхөж, хивс гэх мэт бичил хуванцартай гадаргуугаар мөлхөж байх үед их хэмжээний хуванцар биед нь орж байдаг гэж эрдэмтэд таамаглаж байна.

Бичил хуванцар хүний биед хэрхэн нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй байна. Зарим судлаач бичил хуванцар хоол боловсруулах замын эрхтэнд сөргөөр нөлөөлдөггүй гэж үзжээ. Гэвч бичил ширхгүүд нь цусанд орох магадлалтай гэнэ. Лабораторын амьтдад хийсэн туршилтаар бичил хуванцрууд эсийг үхүүлж, бодисын солилцооны эмгэг үүсгэж байжээ.

Өнгөрсөн онд Дюкийн их сургууийн судлаачид далай тэнгист хаясан хуванцраар үүсгэгдсэн хорт бодисуудад загас хордож байгааг тогтоосон байна. Загас ямар ч асуудалгүй энэ хогийг боловсруулдаг гэж өмнө нь үзэж байсан ч бичил хуванцар ихээр илэрчээ.

Байгаль хамгаалагч нар гэртээ аль болох хуванцар, синтетик материал бүхий эд зүйлс авахгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр өөрсдийгөө төдийгүй байгаль дэлхийгээ хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэв.

Эх сурвалж: Euronews