Нүүр хуудас Дэлхий Нохойн мах бэлтгэдэг фермүүдийн үнэн төрх

Нохойн мах бэлтгэдэг фермүүдийн үнэн төрх

Тэдний зарим нь даарснаасаа бус айснаасаа болж дагжин чичирнэ. Чухам юу болох гэж байгааг тэд цусны үнэрээс бүгдийг ойлгох ухаантай амьтад. Зарим нь “Амь авраач” гэх шиг зогсолтгүй хуцаж, гасална. Эзэнтэй байсныг нь илтгэх ноход энд байна. Жишээ нь, хаски, голден ретвивер, чихуахуа, пудель, помераниан үүлдрийн ноход ч энд байх аж. Гудамжинд төрж өссөн эсвэл эзэндээ эрхэлж өссөн гээд цэвэр үүлдрийн, эрлийз олон төрлийн өнгө зүс, хэлбэр хэмжээтэй тэдгээр нохдод ганцхан нийтлэг зүйл байв. Тэр бол “Би энд vхэх болов уу” гэх шиг айдас нуугдсан харц торны ард бүлтгэнэнэ.

Хашаа дүүрэн зэвэрч муудсан аймшигтай торнууд, тэдэн дотор олноороо чихэлдэн нааш цааш холхих ноход, эргэн тойронд нь төрөл бүрийн хог хаягдал хөглөрнө. Энэ бол Өмнөд Солонгосын нохойн мах бэлтгэдэг нэгэн фермийн дүр төрх.

Хүн төрөлхтөн нохой, муур зэрэг тэжээвэр амьтдыг өөрсдийн үнэнч хамтрагч хэмээн үздэг. Ихэнх хүмүүсийн хувьд гэрийн тэжээвэр амьтнаа идэх нь бүү хэл энэ талаар бодох нь хүртэл дотор эвгүйцэм, ёс суртахуунгүй сонсогддог. Гэсэн хэдий ч дэлхийн зарим улс, ялангуяа Азийн орнууд нохойн аж ахуй гэх харгис бизнес эрхэлсээр байна.

Гэхдээ Азийн ихэнх орнууд нохойг идэх зорилгоор нядлахыг хориглосон хууль тогтоомжийг шууд гаргаагүй ч сүүлийн үед ийм ёс зүйгүй фермерийн аж ахуй эрхлэлтийг эсэргүүцсэн маш олон арга хэмжээ, дүрэм журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

Амьтдыг аврахаар ажиллаж буй идэвхтэй байгууллагууд маш олон байдаг ба тэдгээрийн нэг нь HSI ТББ (Humane Society International) юм. Саяхан тус төрийн бус байгууллага нь Өмнөд Солонгост идэвхтэй кампанит ажил өрнүүлж, нохойн 16 фермийг хаан vхлийн ирмэгт байсан 200 орчим нохойг аварчээ.